Tuesday, 6 May 2014

Төрөх эмнэлгийн тухай

Би ч жирэмсэн болсоноосоо хойш хаана төрөх вэ гэдэг том асуултыг өөртэй бий болгосон хүн. Хажуугаар нь хүн бүр л нэг юм хэлдэгийн. Тэр ч эмнэлэг сайн, энэ ч эмнэлэг муу, тэр ч эмч сайн, энэ ч эмч муу гээд. Яг үнэндээ бүх эмч, бүх эмнэлэг сайн. Чухам ямар ч нөхцөл байдал тухайн хүнд хандсанаас болоод тухайн эмч, эмнэлгийн талаарх бодол, сэтгэгдэл бий болдог байх. За тэгээд хүн бүр хувийн эмнэлэг сайн, уур амьсгал тааламжтай, төрсөний дараа нөхрийг нь оруулдаг, эмч нар ч сайхан харьцаатай гээд л. 

Миний анхны сонголт "Гурван гал" эмнэлэг байлаа. Бүр хяналтанд орлоо. Өөрөөрөө төрвөл 900,0 төгрөг, ор хоног нэг өдрийн 50,0, тэгээд эм тариа хийвэл нэмэлт төлбөр авна гэнэ. Төрөөд гарсаны дараа нийт 1 сая 250 мянган төгрөг төлдөг гэсэн тооцоолол авлаа. Тэгээд явж байтал, хүн бүр л над руу утасдаад Гурван галын тухай муу мэдээ сонсгохын, ямар сайндаа хамт ажилладаг хүүхэн маань чамд л дандаа муу мэдээ нь сонсогдохын, ер нь чи тэнд төрөх нь дэмий байх аа гэж байна. Би хүртэл сүүлдээ тэгж бодох болов. Би заавал яагаад дандаа сайн нь биш муу мэдээг нь түрүүлж сонсдог юм бол гэж бодогдоод. Муу мэдээ нь: өөрөөрөө төрнө гээд явж байтал, яг төрөх үед нь мөнгөө бодоод хагалгаа хийчихдэг л гэнэ. Өөрөөр төрсөний дараа дотор гадна оёдол нь баалдаг л гэнэ. Кисерв хагалгаа хийлгээд С вирус авч насан туршын өвчтэй болсон л гэнэ. Иймэрхүү мэдээнүүд сонсоод сүүлдээ бүр сүжиг шууд буурчих юм. Тэгээд 29 долоо хоногтой байхдаа очоод хяналтандаа үзүүлсэн чинь хүүхэд буруу байршилтай байна, болохгүй бол хөлнөөс нь галаар төөнөнө, тэгээл болохгүй бол кисерв хийнэ гэлээ. Тэгээд сэтгэл санаагаар уначихлаа. Тэгсэн 35 долоо хоногтой болоод хүүхэд өөрөө зөв байршилдаа орчихсон. Ер нь ч 31-32 долоо хоногтой болж байж хүүхэд зөв байршилдаа ордог юм байна. Хаа байсан болоогүй байхад нь янз бүрийн юм яриад, сэтгэл санаагаар унагаад, тэгээд л ер нь тэнд төрөх итгэл, сүжиг маань бүр уначихлаа.

За дараагийн сонголт Бүлтэн эмчийн "Таны төлөө бид" гэсэн эмнэлэг байлаа. 2 дахь томоохон хувийн эмнэлэг. Бүлтэн эмч бас манай ээжийн сайн найз байсан гээд очилоо. Өөрөөрөө төрөх нь 800,0 гэж байсан 900,0 болчихож. Ор хоног нь нэг хоногийн 40,0 гэж байна. Эм тарианы мөнгө харин нэмж авахгүй, ор хоногийн мөнгөндөө багтсан гэж байна. Өөрийгөө таниулаад ороод л үзүүллээ. Ээж нь ирж байгаа юм байна л даа, гээд л таниад л, өө зүгээр ус ихтэй байна гээд л сайхан загнаад л, 14 хоногийн дараа дахиж ирж үзүүлээрэй гээд, байршил буруу байна гэхдээ дасгал хийчих өөрөөрөө төрнө гээд л. Өөр онц гойд юм хэлсэнгүй. Надаа ч таалагдлаа. Тэгээд 2 долоо хоногийн дараа очиж үзүүллээ. Тэгээд үзэж үзэж юу ч хэлсэнгүй, нэг зураг хэвлэж өглөө, зүгээрээ л гэж байна. Хэзээ төрөх бол гэсэн өө 7-10 хоногийн өмнө төрөх байх аа гэнэ, тэгснээ ширээн дээрээ очиж суунаа, өө яг хугацаандаа төрөх байх аа гэнэ. Гайхчихлаа, 2 алхмын хооронд өөрчилөгддөг юм байхдаа гэж бодлоо.  Тэгснээ ширээн дээрээ сууснаа охин байлуу, хүү билүү гэж байна? бүр гайхчихлаа. Эхо-гаар харж харж харчихаад гэж бодлоо, тэгээд л дараа нь юм ярьсан, дандаа орон гаран юм яриад, сүүлдээ бүр эргэлзэж эхэллээ. Хүний нас яваад тэгж байгаа ч юм уу эсхүл үнэхээр сэтгэл байхгүй байна уу, мэдэхгүй ээ, гэхдээ нээх сонин болчихсон. Тэгж байтал энэ эмнэлгийн тухай бас нэг сөрөг мэдээллийг сонингоос уншдаг юм байна. Дээрээс нь нярай нь тасаг байхгүй болохоор, хүүхдэд ямар нэг асуудал үүслээ гэж бодоход шууд л Эх нялхас явуулдаг гэнэ.

Одоо 37 хоногтой, өөр төрүүлдэг хувийн эмнэлэг байхгүй болохоор улсын эмнэлэг л үлдэж байна даа. Би харьяалалын дагуу 1-р төрөхөд төрөх ёстой. Одоо тэгээд л 1-р төрөхөд очоод азаа үзнэ дээ. Манай нөхөр бол үүдээр ороод л тааралдсан хүндээ мөнгө өгөөд баяа гэж байгаа. Сувилагч, асрагч гээд л, тэгээд яг сандарсан үед бол тэгж чадах нь үгүй юу?  Гол нь эмч танилгүй болохоор асуудалтай юм даа.

Monday, 5 May 2014

Жирэмсэн үеийн шинж тэмдгүүд

Би жирэмсэн байх үедээ янз бүрийн зүүдийг маш тодоор гэгч нь зүүдлээд байдаг болсон. Ээжийгээ их зүүдлэж байна, өвөө эмээгээ их зүүдлэж байна. Нас барсан хүмүүсээ л их зүүдлэхийн, тэгээд бас ус, дайлайн хавч, наймаалж гээд л далайтай холбоотой амьтан ихээр зүүдлээд. Зүүд болгоныхоо дараа л зүүдний тайлал хардагийг.  Тэгсэн жирэмсэн эхийн зүүдэнд ус ихээр орж ирдэг гэнэ. Энэ нь эх хүн гэдсэн дотроо хүүхэд тээж, байгаль дэлхийд ойрхон явж байгаатай холбоотой. Мөн ус, далай зүүдлэх нь хүүхэд усан дотор бойжиж байдаг болохоор эх өөрийн хүүхэдтэйгаа холбогдох гэсэн эхийн дотоод сэтгэл зүйтэй холбоотой гэнэ. Харин ээжийгаа зүүдэлдэг нь их л ганцаардаж, ээж минь байсан бол гэсэн дотоод сэтгэхүйтэй холбоотой гэнэ. Ер нь хүн жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх үедээ хамгийн их ээжийгаа санадаг гэж ярьдаг шүү дээ.  Зүүд гэдэг маань хүний дотоод оюун ухаанд болж буй зүйлсийг л тодотгож өгдөг нэг ёсны дотоод ертөнцийн илэрхийлэл юм даа.

Хавагнах нь заримдаа гарч ирээд байгаа нь, төрөх дөхөөд ирэхээр бага зэргийн хавагналтыг бий болгодог, санаа зовоох зүйлгүй гэнэ. Харин их хэмжээгээр хавагнаж болохгүй, их хэмжээгээр хавагнавал эмчид хандах хэрэгтэй гэсэн. Ер нь бол хавагнасан байсан ч эм ууж болохгүй, тэхийн шээг уу гэж эмч зөвлөсөн. Гэхдээ миний хувьд сүүтэй цайнд чөмөгний яс хийж чанаж уудаг болсон. Ингэснээр ямар ч гэсэн хавагналтыг ардын аргаар эмчлээд байгаа. Ер нь бол өдөр бүр бага зэрэг цай чанаад, дотор нь чөмөгний ясаа хийж буцалгаад уугаад байхад хаван буулгаж, хавагнуулахгүй, ер нь кальцийн дутагдлыг нөхөхөд маш хэрэгтэй юм билээ.

Зөн совин ихээр бий болоод, доод зовхи татвал янз бүрийн сөрөг мэдээлэл сонсоод, дээд зовхи татангуут баяртай мэдээ сонсоод, гарын алга загатнангуут, бэлэг аваад л. Ер нь л миний зөн совин маш сайн хөгжсөн байгаа. Тэгээд хамгийн гол нь доод зовхи татахад л би үнэхээр дургүй, манай багш лам маань хэлэхдээ "Эмэгтэй хүний зөн совин үнэн байдаг, нэн ялангуяа жирэмсэн эмэгтэй хүнийх. Тэгэхээр доод зовхи татвал ядам хуруугаа шүлсдэж байгаад гурван удаа татаж буй зовхин дээгүүрээ явуул. Нэг ёсны дом хийж байгаа нь, зүгээр болно, муу юмнаас зайлуулна гэсийн. Үнэн байх, тэгж зааснаас хойш тэгээд домночихдог болсон.

Sunday, 4 May 2014

Хайртай охиндоо зориулан бичсэн шүлэг

Төрөхөд 3 долоо хоног дутуу байгаа ч хайртай охиндоо зориулан шүлэг бичиж сууна:

Хайрын билэгдэл болсон
Хонгор хөөрхөн охиныхоо
Хан хорвоод ирэх өдрийн мэндийг
Хайрт ээжээс нь хүргэж байна.

Хайрт аав ээж, хоёр ах нь
Халуун гараа тосож угтан
Хан хорвоод хүлээн авч
Халамж хайраар бялхаан байж
Хүний хорвоод хүн болгон өсгөнө.

Миний  охины хувь тавилан
Гайхалтай сайхан байхыг
Ээж нь мэдэрч байна.



Мэргэд дээдэс шиг оюунлаг
Эрч хүчтэй байхыг
Ээж нь мэдэж байна.

Гэдсэнд олдсон өдрөөсөө
Гэрийнхаа уур амьсгалыг зөөллөж
Гэрт орж ирэх эд баялгыг нэмэгдүүлэн
Гэр бүлээ тэжээх болсон
Чи минь

Гэдэснээс гарах өдрөө 
Эрүүл энх, эрх хүчтэй мэндэлж
Эдийн дээдийг бялхаан байж
Өсөн бойжих болно
Чи минь



37 долоо хоногтой жирэмсэн боллоо

37 долоо хоногтой жирэмсэн боллоо. Одоо яг 3 долоо хоног үлдлээ. Бие хөнгөхөн хэвээрээ л байна. Хаана, ямар эмч дээр төрөхөө мэдээгүй л байна. Одоо ч хувийн эмнэлэг гэхээсээ илүүтэй улсын эмнэлэгт төрөх нь бараг тодорхой болсон. Одоо охин маань гэдсэн дотроо нилээн хөдөлгөөнтэй байна, хөдөлгөөн нь бүр ч илүү болчихсон шиг санагдаад байх юм. Урьд шөнө бүр унтаж чадсангүй, 2 цаг гаруй эргэж хөрвөж хэвтлээ, Интернетээр хайх нь, зүгээр хөдөлгөөнтэй байх нь сайн л гэнэ. Ус ихтэй байгаа гэсэн, зүгээр л гэнэ.

Жирэмсэний стресс: янз бүрийн юм уншаад сүүлдээ, нөгөө уншсан юмандаа стресдаад, ямар хүүхэд төрөх бол гэж бодогдоод. Хөгшрөөд жирэмсэн болох ч үнэн хэцүү юм аа, мэдээлэл их хэмжээгээр аваад, тэр хэмжээгээр стрессдаад. Гэтэл 2 хүүгээ гаргахдаа бол би үнэндээ юу ч уншдаггүй байж, зүгээр л бараг л явж байгаад л төрчихсөн, төрөхийг нь ч хүлээгээгүй. Одоо бол тэгээд цаг хугацаа бараг тоолоод, хүлээгээд, хурдан төрөөсэй гээд, тэрэндээ өөрөө шаналаад.

За ямар ч гэсэн 9 сар хүрчихсэн одоо хэзээ л бол хэзээ төрөх нь тодорхой л байна.

Good luck honey bun :)

Monday, 21 April 2014

30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд



1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх, чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”

Иймээс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ дотно харьцаагаа илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэй.

5. Хүн амьдралдаа бүхнийг зэрэг амжуулж чадахгүй, харин юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр !

“...Амьдрал бол солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй юм...”

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж ?

6. Заримдаа аз сорихоос бүү ай, та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна

30 настай хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчилж болно шүү дээ.

“ ...Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл...”

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Гэхдээ чи өөрөө сайн итгэлгүй байвал бусдын аяыг дагаж амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.

7. Та байнга өсөж хөгжиж байх хэрэгтэй

“ ...Танд алдаж хэрхэвч болохгүй 2 үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа больчихдог. Үүнийгээ завгүй гэдгээр тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар түрүүлж байх болно...”

Нас тогтсон хойноо давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чаддагийг олон хүн нотолсон байна.

8. Ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй учир элдэв зүйлд санаашрахгүй амьдарч сур !

“ Хэн ч 5 жилийн дараа юу болохыг тааж чадахгүй. Заримдаа таны хүссэнээр болно, заримдаа эсрэгээр. Аз болоход баримжаа, хүлээлт, боломж гэсэн зүйлүүд бас тантай хамт байх тул бэлтгэлтэй байж, муу үр дагавраас зайлсхийж болно. Эс чадвал өөрийгөө зовоох шаардлагагүй...”

Таны хувьд одоо их чухал байгаа зүйл 10 юмуу 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “ хөгжил “. Бүх зүйл хөгжин өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сур !

9. Гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьж үнэ цэнийг нь мэдэр !

“...Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай. Та нар өсөж ухаажихын хирээр харьцаа чинь өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх нь өөрсдөөс чинь л шалтгаална. Байгалаас заяасан цаг хугацаандаа гэр бүлийн зөв харьцаа тогтоож, аз жаргалтай амьдрах хэрэгтэй...”

Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийн асуудлыг хүний амьдралын хамгийн гол зүйл гэж үзсэний дээр гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ.

10. Өөрийгөө хайрлаж хүндэлж сур !

“... Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол... ”


Sunday, 20 April 2014

Ногооны цуглуулгын шейк хийх

За саяхан нэг найзаасаа ногоон өнгөтэй ногоогоор шейк хийх тухай сурч авлаа.
Хагас сайны оройноос эхэлж ууж эхэлсэн.  Эрүүл мэнд, гоо сайхны хувьд маш сайн үр нөлөөтэй гэсэн судалгааг, уламжлалтаар ч, шинжлэх ухааны талаас нь ч хийсэн байдаг юм байна. Өнөө өглөө гурав дахь удаагаа уусан. 14 хоног уухад ерөнхий үр дүн гарна гэж байгаа.

Одоогийн байдлаар миний нүүр юм гарсан, барзгар, нүхжилттэй байгаа, 2 долоо хоногийн дараа ямар үр дүнтэй байх нь уу харах л үлдлэээ.

Миний ногоон ногооны шейк маань:
- шанцай / бууцай - аль нэг нь
- броколли
- огурцы
- лууван
- алим
- нэг аяга ус

Гэхдээ ямар ч гэсэн их энерги өгдөг юм байна, ядраад байсан нь бүр гайгүй болсон. Бараг л гүйж байгаа шүү дээ, жирэмсэн мөртөө.


35 долоо хоногтой байх үеийн шинж тэмдэгүүд

Өнөөдөө 35 долоо хоногтой болсон. Хөнгөхөн хэвээрээ л байна, бараг л гүйхээ алдаж байна. Энэ долоо хоногт эмч дээрээ очиж үзлэгт орно. Мөн сая бүтэн сайн өдөр бүх шинжилгээгээ өгсөн. Шээс бактеритай байна, түүнтэй холбоотой үрэвсэлтэй гарсан байна л гэнэ, тэрийг нэг тодорхойлуулна даа. Бактеритай байх нь хүүхдэд муу л гэнэ. За тэгээд ер нь бол төрөх юм аа бэлтгэж эхлье дээ, ирэх долоо хоногоос. Мазок шинжилгээ гайгүй гарсан, элэгний үйл ажиллагаа, цусны шинжилгээ зүгээр гарсан.

Мазокийн шинжилгээтэй холбоотой нэг лаа авч хийнэ дээ, тэгээд бусад талаар бол бүх юм ОК л байна.

Харин заримдаа базлах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхын.

Гонгор бурханы бумбын тухай

Би ч нэг юм сонсохоороо зөндөө судалдаг онцлогтой, судалж судалж нэг шийдвэр гаргадаг. Гонгорын бумбын талаар ажлын газрын хүнээсээ сонслоо. Одоо айлууд Гонгорын бумба шүтээд ихээр баяжиж байна, мөнгө ч гэнэт л их хэмжээгээр ороод ирдэг гэж сонсоод. Мөн Гонгорын бумба шүтсэн хүмүүс үр хүүхдийнхаа идэх байсан хоол хүнсийг хүртэл цуглуулаад идчихдэг гэж сонсоод. Мэдээж хэн ч үр хүүхдийнхаа идэх хоолыг түрүүлж идэхийг хүсэхгүй шүү дээ. Тэгээд л судалгаа эхэллээ. Ер нь бол Гонгорын бумбыг хүн бүр л мэддэг юм байна. Мөнгө төгрөгний орлогыг сайжруулдаг л юм байх, зарим нэг найз нөхөд маань ч мэддэг л юм байна. Үр хүүхдийнхаа идэх юмнаас хулгайлж авдаг нь бол худлаа юм байна. Тэгээд судалж судалж, саяхан 3 сард гэртэй нэгийг хийлгэж тавьлаа. Үр хүүхдийнхаа идэх юмнаас хулгайлж авдаг нь бол худлаа юм байна. Гэртэй байлгахад хураасан эд хөрөнгө тогтдог юм байна. Тэгээд мөнгө их хэмжээгээр орж ирэх болтугай.  Ум А Хум Ум А Хум.

Гонгорын бумба тахиулах нь:
"Гонгор хэмээх нэрийн хувьд төвдөөр Гонгар, санскритаар Sita Mahakala бөгөөд монголчилсон дуудлага нь Гонгор, монголоор орчуулбал Цагаан Итгэл болой. Гонгорын Бумба бvтээлгэхэд буян хишиг арвижиж, эд хєрєнгєєр элбэг дэлбэг болдог. Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтнэ. Зүг нь зүүн урд зүгт орших болой. Арван зүгийн гурван цагийн хамаг бурхдын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа  үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаахь мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцсыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:
Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тус тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СА СИДИ ЗА - "OM GURU MAHAKALA HARI NI SA SIDDHI DZA" тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа  өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсныг энэрэгч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.
mahakala2.jpg (250×254)

Жирэмсэний 35 долоо хоног

Би 8 долоо хоногтой байхдаа блог -оо хөтөлсөнөөс хойш бичээгүй л байсан юм байна. Тэрнээс хойш Мэндсайхан эмч дээр үзүүлсэн 12 долоо хоногтойд нь тэгэхэд хүү байна гэж байсан, тэгээд дархан бэр болох нь дээ гэсэн. Яагаад ч юм сэтгэлээр унаад, тэгсэн 49: 51  харьцаатай гэнэ. 51 хувь нь хүү байх магадлалтай, 49 хувь нь охин байх магадлалтай, гэхдээ өөрчилөгдөж болно. 12 долоо хоног гэдэг нь хүйс тодорхойлоход эрт хугацаа байнаа л гэсэн. Гэртэй ирээд 2 хүүдээ муу мэдээтэй, хүү байна гэсэн чинь, манай хоёр чимээгүй сонсож байснаа "Та бид хоёрыг хүү байнаа гэхэд бас муу мэдээтэй гэж байсан уу" гэнээ. Мэдээж үгүй гэсэн, гэхдээ хүүхдүүд бас айхтар байна шүү.  Нээрээ нөгөө киста гэдэг юм маань алга болсон байна. Хүүхэд томрохийн хэмжээгээр хагараад алга болдог гэсэн үнэн байна.

Гурван гал эмнэлэг дээр 20 долоо хоногтой байхдаа 4D эхо -д харууллаа. Golf ball гэж нэрлэгддэг юм, хүүхдийн зүрхэн дээр байна, гэхдээ явцын дунд алга болдог, ер нь сайн шалгуулж бай л гэж байна, Мөн охин байна гэсэн сайхан мэдээ сонслоо. Гэхдээ Golf ball -ын тухай сонсоод жоохон сэтгэл түгшээстэй, янз бүрийн юм сонсохоор.


За дараа нь шинэ жил боллоо. Шинэ жилээр ганц 100 гр вино уулаа, Яамныхан юу ч мэдээгүй байснаа, гэнэт шинэ жилээр мэдээд пөөх жирэмсэн юм уу л болсон, бас төслийнхан мэдсэн, гэрээ сунгах уу, үргэжлүүлэн ажиллаж чадах юм уу, хэзээ төрөхийн гэсэн асуултуудыг л тавих юм даа. Хүмүүст бол гол нь ажил шүү дээ.

Тэгээд он гаргаад миний гэрээг сунгалаа. Төрөн төртлөө ямар ч гэсэн ажиллаад байх боломжтой боллоо, төртлөө, ажилгүй гэртэй суухгүй, бас ажил хайж явахгүй, амар л боллоо, гэхдээ чадах болов уу гэсэн сэтгэгдэлтэй л байлаа.

Он гараад бас нэг сайн эмч дээр очиж эхо -д үзүүллээ. Golf ball -ыг байж л байна, гэхдээ нээх асуудал бол байхгүй, санаа зоволтгүй гэж байна. Нас тогтсон эмч байсан болохоор илүү туршлагатай байлаа. Бүх л юмыг хэлж өглөө, мөн охин байна л гэж байна.

Цагаан сар, төрсөн өдрүүд, өөр янз бүрийн баяруу үргэжилсээр. Баярын үеэр 0,33 -аар ганц пиво уучихаад, тэрнээс харин хэтрүүлээгүй. Ер нь 2,3 сард их олон төрлийн баяр болдог юм байна ш дээ.

28 долоо хоногтой байхдаа дахиж эхо -д харууллаа.Таньдаг эмч дээрээ харуулсан "golf ball байхгүй байна, охин байна, ер нь бол өсөлт хөгжил сайн явагдаж байна, харин ус бохирдолтой байна, дусал хийлгэ гэсэн". Тэр дагуу дусал хийлгэж витамин уугаад сайхан боллоо. Сэтгэл санаа ч өөдрөг боллоо.

За тэгээд 30 долоо хоногтой боллоо, улсаас хүүхдийн тэтгэмж гэж 40,000 төгрөг сар бүр өгдөг юм байна тэрийг жирэмсэний 7 сараас эхэлж авдаг боллоо. Дараа нь жирэмсэн ээжийн текрет гэж Нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлдөг бол, сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн бол,  сүүлийн 12 сарын дундаж дүнтэй харьцуулж 70 хувиар тооцож авдаг юм байна. Хамгийн багаар буюу сард 24,000 төгрөг төлж байсан бол 320,000 төгрөгний текрет авсан. Гэхдээ төрөөд дахиад 320,0 төгрөг авна.

Тэгээд 30 долоо хоног болоод эхлэнгуут хаана төрөх вэ гэдэг асуудал болж эхлэх юм даа. Гурван гал их сайхан, тааламжтай гээд байхаар нь янз бүрийн муу сайн мэдээ зэрэг л сонсогдож байна, гэхдээ л тэнд төрөх болоод хяналтанд орлоо. Хүүхэд буруу байршилтай байна гэсэн. Байршилаа зөв болгохгүй бол, өөрөөрөө төрж чадахгүй болно гэсэн. Гэтэл хяналтанд орсоноос хойш сайн мэдээ гэхээс илүү муу мэдээ л их сонсогдох юм даа. Тэгээд гэнэт тэнд төрөх шийдвэрээсээ буцлаа. Харин Бүлтэн эмчийн эмнэлэг дээр очиж хяналтанд орлоо.

35 долоо хоногтой, 4 сарын 21 -ны өдөр боллоо. Сая хагас сайн өдөр гэнэт гэдсээр юм ирж байгаа юм шиг өвдөөд, би ч базалт өгнө гэдэг нь болж байгаа юм болов уу гэж бодоод, цаг хараад байлаа, тэгээд бас интернет руу орж судаллаа. Өдийд төрөх нь бас л болоогүй байгаа гэж байна. Тэгсэн базалт ч гайгүй болоод унтаад өглөө. Тэгээд сэтгэл санаанаас болсон үү, охиноо төрчихсөн байна, зүв зүгээр төрчихлөө, шав шар охинтой боллоо гэж зүүдлээд, сайхан зүүд зүүдэллээ.

Ер нь гэхдээ жирэмсэнтэй холбоотой байх, шөнөжингөө л зүүдлэх юм аа. Янз бүрийн зүүдийг тод гэгч нь зүүдлэх юм. Бас болоогүй ээ, дандаа устай холбоотой, ус зүүдлэнэ эсхүл хавч, наймлж гээд л устай холбоотой амьтанууд зүүдлэнэ. Яадаг юм байгаа нь.