Monday, 21 April 2014

30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд



1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго !

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал / эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал / тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх
Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?
Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л “ Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй. “ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай !

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх, чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”

Иймээс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ дотно харьцаагаа илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэй.

5. Хүн амьдралдаа бүхнийг зэрэг амжуулж чадахгүй, харин юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр !

“...Амьдрал бол солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй юм...”

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж ?

6. Заримдаа аз сорихоос бүү ай, та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна

30 настай хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчилж болно шүү дээ.

“ ...Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл...”

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Гэхдээ чи өөрөө сайн итгэлгүй байвал бусдын аяыг дагаж амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.

7. Та байнга өсөж хөгжиж байх хэрэгтэй

“ ...Танд алдаж хэрхэвч болохгүй 2 үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа больчихдог. Үүнийгээ завгүй гэдгээр тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар түрүүлж байх болно...”

Нас тогтсон хойноо давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чаддагийг олон хүн нотолсон байна.

8. Ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй учир элдэв зүйлд санаашрахгүй амьдарч сур !

“ Хэн ч 5 жилийн дараа юу болохыг тааж чадахгүй. Заримдаа таны хүссэнээр болно, заримдаа эсрэгээр. Аз болоход баримжаа, хүлээлт, боломж гэсэн зүйлүүд бас тантай хамт байх тул бэлтгэлтэй байж, муу үр дагавраас зайлсхийж болно. Эс чадвал өөрийгөө зовоох шаардлагагүй...”

Таны хувьд одоо их чухал байгаа зүйл 10 юмуу 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “ хөгжил “. Бүх зүйл хөгжин өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сур !

9. Гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьж үнэ цэнийг нь мэдэр !

“...Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай. Та нар өсөж ухаажихын хирээр харьцаа чинь өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх нь өөрсдөөс чинь л шалтгаална. Байгалаас заяасан цаг хугацаандаа гэр бүлийн зөв харьцаа тогтоож, аз жаргалтай амьдрах хэрэгтэй...”

Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийн асуудлыг хүний амьдралын хамгийн гол зүйл гэж үзсэний дээр гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ.

10. Өөрийгөө хайрлаж хүндэлж сур !

“... Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол... ”


Sunday, 20 April 2014

Ногооны цуглуулгын шейк хийх

За саяхан нэг найзаасаа ногоон өнгөтэй ногоогоор шейк хийх тухай сурч авлаа.
Хагас сайны оройноос эхэлж ууж эхэлсэн.  Эрүүл мэнд, гоо сайхны хувьд маш сайн үр нөлөөтэй гэсэн судалгааг, уламжлалтаар ч, шинжлэх ухааны талаас нь ч хийсэн байдаг юм байна. Өнөө өглөө гурав дахь удаагаа уусан. 14 хоног уухад ерөнхий үр дүн гарна гэж байгаа.

Одоогийн байдлаар миний нүүр юм гарсан, барзгар, нүхжилттэй байгаа, 2 долоо хоногийн дараа ямар үр дүнтэй байх нь уу харах л үлдлэээ.

Миний ногоон ногооны шейк маань:
- шанцай / бууцай - аль нэг нь
- броколли
- огурцы
- лууван
- алим
- нэг аяга ус

Гэхдээ ямар ч гэсэн их энерги өгдөг юм байна, ядраад байсан нь бүр гайгүй болсон. Бараг л гүйж байгаа шүү дээ, жирэмсэн мөртөө.


35 долоо хоногтой байх үеийн шинж тэмдэгүүд

Өнөөдөө 35 долоо хоногтой болсон. Хөнгөхөн хэвээрээ л байна, бараг л гүйхээ алдаж байна. Энэ долоо хоногт эмч дээрээ очиж үзлэгт орно. Мөн сая бүтэн сайн өдөр бүх шинжилгээгээ өгсөн. Шээс бактеритай байна, түүнтэй холбоотой үрэвсэлтэй гарсан байна л гэнэ, тэрийг нэг тодорхойлуулна даа. Бактеритай байх нь хүүхдэд муу л гэнэ. За тэгээд ер нь бол төрөх юм аа бэлтгэж эхлье дээ, ирэх долоо хоногоос. Мазок шинжилгээ гайгүй гарсан, элэгний үйл ажиллагаа, цусны шинжилгээ зүгээр гарсан.

Мазокийн шинжилгээтэй холбоотой нэг лаа авч хийнэ дээ, тэгээд бусад талаар бол бүх юм ОК л байна.

Харин заримдаа базлах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхын.

Гонгор бурханы бумбын тухай

Би ч нэг юм сонсохоороо зөндөө судалдаг онцлогтой, судалж судалж нэг шийдвэр гаргадаг. Гонгорын бумбын талаар ажлын газрын хүнээсээ сонслоо. Одоо айлууд Гонгорын бумба шүтээд ихээр баяжиж байна, мөнгө ч гэнэт л их хэмжээгээр ороод ирдэг гэж сонсоод. Мөн Гонгорын бумба шүтсэн хүмүүс үр хүүхдийнхаа идэх байсан хоол хүнсийг хүртэл цуглуулаад идчихдэг гэж сонсоод. Мэдээж хэн ч үр хүүхдийнхаа идэх хоолыг түрүүлж идэхийг хүсэхгүй шүү дээ. Тэгээд л судалгаа эхэллээ. Ер нь бол Гонгорын бумбыг хүн бүр л мэддэг юм байна. Мөнгө төгрөгний орлогыг сайжруулдаг л юм байх, зарим нэг найз нөхөд маань ч мэддэг л юм байна. Үр хүүхдийнхаа идэх юмнаас хулгайлж авдаг нь бол худлаа юм байна. Тэгээд судалж судалж, саяхан 3 сард гэртэй нэгийг хийлгэж тавьлаа. Үр хүүхдийнхаа идэх юмнаас хулгайлж авдаг нь бол худлаа юм байна. Гэртэй байлгахад хураасан эд хөрөнгө тогтдог юм байна. Тэгээд мөнгө их хэмжээгээр орж ирэх болтугай.  Ум А Хум Ум А Хум.

Гонгорын бумба тахиулах нь:
"Гонгор хэмээх нэрийн хувьд төвдөөр Гонгар, санскритаар Sita Mahakala бөгөөд монголчилсон дуудлага нь Гонгор, монголоор орчуулбал Цагаан Итгэл болой. Гонгорын Бумба бvтээлгэхэд буян хишиг арвижиж, эд хєрєнгєєр элбэг дэлбэг болдог. Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтнэ. Зүг нь зүүн урд зүгт орших болой. Арван зүгийн гурван цагийн хамаг бурхдын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа  үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаахь мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцсыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:
Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тус тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СА СИДИ ЗА - "OM GURU MAHAKALA HARI NI SA SIDDHI DZA" тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа  өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсныг энэрэгч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.
mahakala2.jpg (250×254)

Жирэмсэний 35 долоо хоног

Би 8 долоо хоногтой байхдаа блог -оо хөтөлсөнөөс хойш бичээгүй л байсан юм байна. Тэрнээс хойш Мэндсайхан эмч дээр үзүүлсэн 12 долоо хоногтойд нь тэгэхэд хүү байна гэж байсан, тэгээд дархан бэр болох нь дээ гэсэн. Яагаад ч юм сэтгэлээр унаад, тэгсэн 49: 51  харьцаатай гэнэ. 51 хувь нь хүү байх магадлалтай, 49 хувь нь охин байх магадлалтай, гэхдээ өөрчилөгдөж болно. 12 долоо хоног гэдэг нь хүйс тодорхойлоход эрт хугацаа байнаа л гэсэн. Гэртэй ирээд 2 хүүдээ муу мэдээтэй, хүү байна гэсэн чинь, манай хоёр чимээгүй сонсож байснаа "Та бид хоёрыг хүү байнаа гэхэд бас муу мэдээтэй гэж байсан уу" гэнээ. Мэдээж үгүй гэсэн, гэхдээ хүүхдүүд бас айхтар байна шүү.  Нээрээ нөгөө киста гэдэг юм маань алга болсон байна. Хүүхэд томрохийн хэмжээгээр хагараад алга болдог гэсэн үнэн байна.

Гурван гал эмнэлэг дээр 20 долоо хоногтой байхдаа 4D эхо -д харууллаа. Golf ball гэж нэрлэгддэг юм, хүүхдийн зүрхэн дээр байна, гэхдээ явцын дунд алга болдог, ер нь сайн шалгуулж бай л гэж байна, Мөн охин байна гэсэн сайхан мэдээ сонслоо. Гэхдээ Golf ball -ын тухай сонсоод жоохон сэтгэл түгшээстэй, янз бүрийн юм сонсохоор.


За дараа нь шинэ жил боллоо. Шинэ жилээр ганц 100 гр вино уулаа, Яамныхан юу ч мэдээгүй байснаа, гэнэт шинэ жилээр мэдээд пөөх жирэмсэн юм уу л болсон, бас төслийнхан мэдсэн, гэрээ сунгах уу, үргэжлүүлэн ажиллаж чадах юм уу, хэзээ төрөхийн гэсэн асуултуудыг л тавих юм даа. Хүмүүст бол гол нь ажил шүү дээ.

Тэгээд он гаргаад миний гэрээг сунгалаа. Төрөн төртлөө ямар ч гэсэн ажиллаад байх боломжтой боллоо, төртлөө, ажилгүй гэртэй суухгүй, бас ажил хайж явахгүй, амар л боллоо, гэхдээ чадах болов уу гэсэн сэтгэгдэлтэй л байлаа.

Он гараад бас нэг сайн эмч дээр очиж эхо -д үзүүллээ. Golf ball -ыг байж л байна, гэхдээ нээх асуудал бол байхгүй, санаа зоволтгүй гэж байна. Нас тогтсон эмч байсан болохоор илүү туршлагатай байлаа. Бүх л юмыг хэлж өглөө, мөн охин байна л гэж байна.

Цагаан сар, төрсөн өдрүүд, өөр янз бүрийн баяруу үргэжилсээр. Баярын үеэр 0,33 -аар ганц пиво уучихаад, тэрнээс харин хэтрүүлээгүй. Ер нь 2,3 сард их олон төрлийн баяр болдог юм байна ш дээ.

28 долоо хоногтой байхдаа дахиж эхо -д харууллаа.Таньдаг эмч дээрээ харуулсан "golf ball байхгүй байна, охин байна, ер нь бол өсөлт хөгжил сайн явагдаж байна, харин ус бохирдолтой байна, дусал хийлгэ гэсэн". Тэр дагуу дусал хийлгэж витамин уугаад сайхан боллоо. Сэтгэл санаа ч өөдрөг боллоо.

За тэгээд 30 долоо хоногтой боллоо, улсаас хүүхдийн тэтгэмж гэж 40,000 төгрөг сар бүр өгдөг юм байна тэрийг жирэмсэний 7 сараас эхэлж авдаг боллоо. Дараа нь жирэмсэн ээжийн текрет гэж Нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлдөг бол, сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн бол,  сүүлийн 12 сарын дундаж дүнтэй харьцуулж 70 хувиар тооцож авдаг юм байна. Хамгийн багаар буюу сард 24,000 төгрөг төлж байсан бол 320,000 төгрөгний текрет авсан. Гэхдээ төрөөд дахиад 320,0 төгрөг авна.

Тэгээд 30 долоо хоног болоод эхлэнгуут хаана төрөх вэ гэдэг асуудал болж эхлэх юм даа. Гурван гал их сайхан, тааламжтай гээд байхаар нь янз бүрийн муу сайн мэдээ зэрэг л сонсогдож байна, гэхдээ л тэнд төрөх болоод хяналтанд орлоо. Хүүхэд буруу байршилтай байна гэсэн. Байршилаа зөв болгохгүй бол, өөрөөрөө төрж чадахгүй болно гэсэн. Гэтэл хяналтанд орсоноос хойш сайн мэдээ гэхээс илүү муу мэдээ л их сонсогдох юм даа. Тэгээд гэнэт тэнд төрөх шийдвэрээсээ буцлаа. Харин Бүлтэн эмчийн эмнэлэг дээр очиж хяналтанд орлоо.

35 долоо хоногтой, 4 сарын 21 -ны өдөр боллоо. Сая хагас сайн өдөр гэнэт гэдсээр юм ирж байгаа юм шиг өвдөөд, би ч базалт өгнө гэдэг нь болж байгаа юм болов уу гэж бодоод, цаг хараад байлаа, тэгээд бас интернет руу орж судаллаа. Өдийд төрөх нь бас л болоогүй байгаа гэж байна. Тэгсэн базалт ч гайгүй болоод унтаад өглөө. Тэгээд сэтгэл санаанаас болсон үү, охиноо төрчихсөн байна, зүв зүгээр төрчихлөө, шав шар охинтой боллоо гэж зүүдлээд, сайхан зүүд зүүдэллээ.

Ер нь гэхдээ жирэмсэнтэй холбоотой байх, шөнөжингөө л зүүдлэх юм аа. Янз бүрийн зүүдийг тод гэгч нь зүүдлэх юм. Бас болоогүй ээ, дандаа устай холбоотой, ус зүүдлэнэ эсхүл хавч, наймлж гээд л устай холбоотой амьтанууд зүүдлэнэ. Яадаг юм байгаа нь.