Monday, 18 April 2016

Тайвань улсын хөгжлийн үндэс -1

Миний бие Тайвань улсад докторын зэрэг хамгаалахаар анх 2009 оны 9 сард Тайвань улсад хөл тавьж байлаа, түүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Гэхдээ энэ хугацаанд 2009 - 2012 онд яг бүтэн гурван жил Тайвань улсад сурч амьдарсан бол, харин 2012 -аас 2015 онд 3 жилийн чөлөө авч нутагтай байж байгаад 2015 оны 10 сарын 27 -нд буцаж ирэн диссертацийн ажилаа хийн, хамгаалах гэж байна. Энэ хугацаанд Тайвань улсын хөгжил яг юунд оршиж байгаа болон улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур цэг нь чухам юу байдаг талаар би өөрийн ажигласнаа энд сийрүүлэн та бүхэндээ хүргэхийг зорьлоо. Улс орны хөгжлийн үндэс чухамдаа юунд тулгуурлах вэ гэдэг нь их чухал бөгөөд Засгийн газрын баримтлах хүчин зүйл нь байх юм. Тайвань улсыг Монгол улстай харьцуулах юм бол Дэлхийн Банкны зээл тусламж байхгүй, НҮБ -д харьяалагддаггүй, тусгаар тогтносон улс хэмээн дэлхий нийтэд бүрэн зөвшөөрөгдөөгүй, уул уурхайн баялаг бол бүр байхгүй, уул уурхай гэдэг ойлголт иргэд, мэргэжилтэн профессоруудын дунд бага. Гэсэн хэдий ч Азийн бар улс болтлоо хөгжсөн. Монгол улстай харьцуулахад нэг давуу тал нь цаг агаарын хувьд жилийн дөрвөн улирал дулаан уур амьсгалтай. Гэхдээ сөрөг тал нь далайн давалгаа, далайн салхитай холбоотой байнгын газар хөдлөлт болж байдаг. Гэтэл энэ хөгжлийн үндэс нь юу байв? гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тайвань улс "мэдлэгийн төв" -д сууриласан Шинжлэх ухааны паркийг Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Силикон Валийн жишээн дээр үндэслэн Шинчу Шинжлэх ухааны паркийн байгуулсан юм. Энэхүү шинжлэх ухааны паркийн байгуулсанаар мэдлэгт тулгуурлсан үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ялангуяа, технологийн чиглэл дээр их сургууль, аж ахуйн нэгж хамтран судалгаа шинжилгээ хийж бүтээгдэхүүнийг судалгаанд суурилуулан боловсронгуй болгож үйлдвэрлэхэд зорьж ажилласан.

No comments:

Post a Comment