Wednesday, 10 August 2016
Австрали улс -1
Хүний хэрэглээ гэж өчүүхэн юм байдгийг амьдралын шат ахих тусмаа илүү мэдрэх юм даа. Гэтэл хүмүүс яагаад эд хөрөнгөний төлөө тэгж их шунаад байдгийг би ер нь ойлгохгүй юм. Би Австралиад ирсэнээр их зүйлийн талаар харж мэдэрч байна даа. 2016 оны 4 сарын 24 -нд дөнгөж докторын зэргээ Тайванд авчихаад баярлахаа ч мэдэхгүй, хариуцлагаа ч мэдрэхгүй нэг хэсэг шоконд орсон. Гэхдээ мөрөн дээр 6 жилийн турш байсан тэр нэг хатуу чулууг аваад шидчихсэн гэж бодохоор сэтгэл санаа ямар сайхан болсоныг үгээр хэлшгүй, зүгээр л сайхан унтаад л баймаар болсонсон. Гэхдээ би чинь 3 хүүхэдтэй хүн, зүгээр унтаад байх тийм сэтгэл, зориг байхгүй юм даа. Амьдралын дараагийн алхамаа хийх хэрэгтэй, залуу байна, амрах эрх байхгүй шүү дээ. Тэгж бодохоор, дараагийн асуудлууд урган гарч ирээд, ингээд л амрах зав байхгүйгээр дараагийн асуудал руугаа орсон юм. Энэ бол Австралиа явах байлаа. Австралиа улс сүүлийн 2-3 жилийн турш явахыг зорьж, хүсэж байсан улс маань. Австралиа явахын тулд их ч сургууль. Тэгж тэгж, нөхөр маань сурах боломжтой болсон. Бидэн 2 залуу гэр бүлийн л адил хурааж цуглуулсан бэлэн мөнгө байхгүй тул байрнаас бусад хамаг юм аа зараад л сургалтын төлбөр, даатгал, замын зардалаа төлөөд л нөхөр маань 2015 оны 11 сард Австрали улсыг зорьсон билээ. Би хүүхдүүдтэйгаа Тайванд байсан болохоор нэг их тусалж, явах бэлтгэлийг хангаж чадаагүй, нөхөр маань өөрөө л бүгдэнг нь зохицуулаад явсан. Тэгээд би докторын зэргээ хамгаалчихаад араас нь 2016 оны 4 сарын 27 -нд ирлээ. Анхны сэтгэгдэл, нөхөр маань яасан их тураа вэ? Дараагийн сэтгэгдэл, ямар нэг барууны орны тосгонд ирчихсэн ч юм шиг, дэлгүүрээр орлоо, яах вэ? Америктай адилхан ч юм шиг. За тэгээд автобусаар зорчих болсон, хэдэн ч удаа төөрөв дөө, автобусны зогсоол, автобусны үйлчилгээ энэ тэр нь Тайваныг гүйцэхгүй юмаа. За тэгээд хэдэн өдрийн дараа их дэлгүүрээр хэслээ, би ер нь яг ямар улсад ирсэнээ ч ойлгохоо байлаа, миний эргэн тойронд дэлхийн бараг бүх хэлээр л ярьж байна. Дэлхийн л бүхий л орны цагаачид Австралиад ирдэг юм байна, бүгд өөр өөрийн зан заншил, ёс суртахуунаа дагуулаад ирсэн байгаа, тэр бүгд энд холилдоод нэг тийм холимог соёл үүсч байгаа ч юм шиг. Яг цэвэр British english - аар бол ярихгүй байна, улс бүрийн хэлний онцлогт тохирсон нэг тийм англи хэлээр ярьцгаагаад, заримдаа хүмүүсийн ярьж буйг ч ойлгохгүй юм, намайг ярихаар л пөөх чиний англи хэл их мундаг юм, чи Австралид ирээд хэдэн жил болж байгаа вэ л гэхийн. Миний англи хэл American english буюу Америкт үзсэн англи хэл маань шүү дээ, нээх сайн гэж би өөрийгөө хэлэхгүй ч ямар ч байсан, Австралиад байгаа хүмүүсийн хажууд үнэхээр сайн юм аа. За тэгээд хотын төв рүү яваад train -д суух болонгуут яг л Монголд буй мэт бүгд дайраад, соёл энэ тэр юу ч байхгүй ээ, Тайванд бол бүгд оочерлаад ч жагсаад л орно, ямар ч шахцалдаан, стресс байхгүй. Цагаан арьстангууд нь өөрсдийгөө хамгийн дээд зиндааны хүмүүс гээд бодчихсон юм уу гэлтэй их зантай хүмүүс. За тэгээд энэ улсад нүүрээ тагласан хувцас өмссөн лалыхан, хятадуудад дургүй лебанууд (яг үнэндээ бол Лебан гэдэг орон байдгийг би энд ирээд л мэдэж авлаа), энэтхэг, хятад, вьетнам, солонгос, герман, итали, орос, грек гээд л ер нь бүх л орны хүмүүс байна дөө. Тэгээд л гэнэт би ер нь ямар улсад амьдрах гээд ирсэнээ ойлгохоо байлаа. Удах тусах, хүмүүсийг нь мэдрэх тусам, соёлыг нь харах тусам, надад энэ улс таалагдахгүй болж ирлээ. Анх зорьсоныхоо дагуу докторын зэрэгтэй хүн тэр хэмжээний ажилд орохоор өргөдөл гаргангуут, та ажиллах эрхгүй бол уучлаарай гэсэн л хариулт авч байлаа. Хүн амьдрахын тулд хоол идэх, хоол идэхийн тулд мөнгөтэй байх, мөнгөтэй байхын тулд ажиллах ёстой. Гэтэл би чинь аяалын визээр ирчихсэн байдаг, ажиллах ямар ч боломжгүй байдаг, зүгээр гэртэй суухаар нөхөр маань ганцаараа барилга дээр ажиллаад, дээрээс нь сураад ямар ч их ядарсан юм, ямар ч их турсан юм. Тэгэхээр би зүгээр гэртэй суугаад байж болохгүй шүү дээ гээд л виза шаардахгүй, бэлнээр мөнгөө авч болох ямар ажил байна гээд л сурагласан цэвэрлэгээний ажил байдаг юм байна. Энд сурч байгаа бүх л монголчууд бараг хийдэг бололтой. Айл цэвэрлэнэ, эсхүл хүрээлэн, парк, сургууль гээд л бүхий л цэвэрлэгээ хийнэ. Солонгосууд голдуу удирддаг юм байна. Яг цэвэрлэгээг нь монголчууд, энэтхэгчүүд, тайландууд хийдэг юм байна. (Cont...)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment