Tuesday, 23 August 2016

Австрали улс -2

За ингээд ирсэнээсээ хойш 2 сар хирээтэй айл ч цэвэрлэлээ, стадион ч цэвэрлэлээ, сургууль ч цэвэрлэлээ. Монгол залуучууд айл цэвэрлэгээг удирдаад доороо хүмүүс авч ажиллуулдаг юм байна. Айл цэвэрлэхэд ганц юм уу 2 өрөө байрыг бол ганцаараа 2 цагийн дотор цэвэрлэчихнээ. Харин томоохон хувийн орон сууц бол 2 -лаа 2 цаг цэвэрлэнэ, эсхүл ганцаараа 4 цаг цэвэрлэнэ. Цагийн хөлс айл цэвэрлэхэд агентаар дамжиж ажиллавал 17 австрали доллар, хэрвээ өөрөө шууд айлтайгаа яривал цагийн 20-25 Авс. доллар байдаг юм байна. Миний хувьд агентаар дамжиж байсан болохоор хөдөлмөрийн хөлсөө шулуулаад 17 авс. доллараар цалинждаг байв. Заримдаа 2-хан цагийн ажил хийхийн тулд 2 цаг явж очидог айл ч таарна. Хийх ажлын хувьд тоосыг нь авна, тоосыг нь соруулна, шалыг нь угаана, 00 -ыг нь цэвэрлэнэ, яг л гэртэй хийдэг ажилаа айлд очиж хийгээд цалин авах юм даа. Гэрээ цэвэрлэхэд цаг хардаггүй байсан бол айл цэвэрлэхэд цагаа сайн харна. Тэгээд ер нь цагийн хязгаартай ажлыг хийх арга барилд суралцана даа. Чи цагтай амжаад ажилаа хийгээд дуусгаж ч болно, эсхүл цагаасаа илүү ажиллаж ч болно, гэхдээ нэг юмыг ойлгоход илүү цаг ажиллаа гээд тэрийг батлах хүн байхгүй бол, илүү цагийн мөнгө бараг л авахгүй дээ. Эсхүл хүн нь байхад 2 цагаасаа өмнө ажилаа дууссан байлаа ч 2 цагаа хүлээх л хэрэг гарна. Зарим нэг айл дэндүү цэвэрхэн, бараг цэвэрлээд байх юмгүй байдаг, тийм тохиолдолд яст мэлхийний хурдаар ажиллаж дуусгана. Цэвэрлэгээний ажлын давуу тал нь цалингаа бэлнээр авна. Ажил цэвэрлэхийн нэг сул тал нь нөгөө айлруугаа хаашаа ч хамаагүй явна, ямар ч айлд очиж байгаагаа мэдэхгүй, ёстой л эрсдэлтэй алхам. Гэхдээ миний хувьд азтай, дандаа цэвэрхэн айлууд байж таарсан. Үнэхээр заваан, хүмүүс нь ч онцгүй айлууд зөндөө байдаг гэсэн. Бас л хэцүү ажил шүү, амархан ажил ч гэж юу байхав, захиалсан айлынхаа хаалга тогшоод "I am a cleaner" гээд л орно. Тэгж байгаад нэг Лебан айлд очилоо, нэг авгай байна, их том хувийн орон сууц байна (house)- 4 цаг хийх ажил, зөвхөн нэг давхарыг нь хийж байтал 4 цаг дууслаа, амины орон сууц ч бас яггүй юм билээ шүү. Тэгтэл ажил дуусах үед тэр авгай, чи агентаар дамжихгүйгээр шууд надтай ажиллах уу, цагийн 20 доллар гэсэн. Тегье л гэлээ, мөнгөө дандаа бэлнээр авна. 2 дахь өдөр болгон тэр айл руу гаа явах боллоо. Нэг өдөртэй 6 -7 цаг ажиллана. 2 давхар байшинг нь тэр чигээр нь цэвэрлэхэд тэр хэмжээний цаг хангалттай. Гэтэл тэр айлын маань охин нь хуримаа хийх болсон тул цэвэрлэгээнээс гадна гэрийн ажилд туслах хэрэгтэй гээд долоо хоногтоо 3 өдөр очиж ажиллах боллоо, нэг удаа очихдоо л 100 доллар авна гэж бодоод цагаа тохируулаад ажилахаар болов. Тэрнээс хойш өөр айл руу явдаг цэвэрлэгээний ажлыг харин зогсоосон. Ганц айлдаа л ажиллах болов. За тэгээд, стадион цэвэрлэгээ бол цагийн 15 Авс.доллар. Гол төлөв 4 цагийн ажил байна. Манай гэрээс бол нэг талдаа бараг 1 цаг гаруй явж очидог болохоор өдөржингийн ажил болдогийн, жоохон ядарнаа, гэхдээ зүгээрээ, хүн тэгээд сурдаг л юм билээ. Стадион цэвэрлэх гэдэг нь Allianz stadium (45,000- 80,000 хүний суудалтай 2 стадион байгаа) болон Olympic stadium (10,000 - 80,0000 хүний суудалтай 2 стадион байгаа) гэсэн 4 стадионы аль нэгийг цэвэрлэх байна. Хэрвээ ямар нэг тоглолт орой нь болох бол өглөөдөө сандал арчина, тэр нь харьцангуй гайгүй ажил, нэг нойтон алчуур бариад л сандалны суух хэсгийг арчаад явчихна, гол нь шувууны баас, хатчихсан бол арилахгүй нилээн төвөгтэй, тэгээд л тоосыг арчина. 10 хүн бол 4 цагийн дотор бүх сандалыг арчичихнаа. Энэхүү стадион цэвэрлэх ажилд очих үед харин зөндөө Монголчуудтайгаа таарна даа, энэ ажилд гол төлөв настай, ач гучаа харах даалгавартай ирсэн хүмүүс, эсхүл гэртэй хүүхэд хардаг, хагас цагийн ажил хэрэгтэй, эсхүл над шиг аяалалын виза -гаар ирсэн хүмүүс л ажилладаг юм. Мөн дөнгөж Австралид ирсэн, учираа олохгүй будилж яваа хүмүүс бас байна, ер нь бол Австралид ирсэн хүмүүсийн дамжин өнгөрөх бааз гэх юм уу даа. Сандал арчихаас гадна, тоглолт болсоны дараа үзэгчдийн тарьсан хогийг цэвэрлэх ажил байна. Тэр харин харин жаахан төвөгтэй,яггүй шүү, сууж босоод л, газраас хогоо авч хогны уутанд хийгээд, хогны уутаа дүүрэхээр шат руугаа тавина. Сандалны доор байгаа хогийг түүх, тонгойх, суух, босох гээд л нэг ёсны дасгал хийчихнээ. Анхны удаа яваад хамаг бие нил хөндүүр болж байсан юм даг, яг л дасгал сургуулилт хийсэн хүн шиг. За тэгээд халуун бол хамаг хөлс гараад жинхэнэ хөлсний амтыг мэдрэх гэдэг л болно. Хүйтэнд харин даарч очоод л ажиллаад дулаацана. Хүн дүүрэн үзсэн тоглолтын дараа бол 80,000 суудалтай стадионыг 30 хүн 6 цаг цэвэрлэдэг юм билээ. Долоо хоногтооо 300 доллар ямар ч гэсэн аваад байна, хоолны мөнгөө хангалттай олчихно. Хүмүүс харин тэр хогон дундаас их юм олно доо, шинэ чипс, шинэ ундаа, зоосон мөнгөнүүд, бүр цаасан мөнгө ч олно, зарим нь утас ч олно. Би нэг удаа 25 доллар олж байлаа, бас нэг удаа баахан шинэ ундааны савнууд ч олж байлаа, мөн, нэг пад олсон. За тэгээд зооснууд бол нилээн олсон, ёстой л нөгөө кофены мөнгөө олчихоод л байна шүү дээ. Олсон чипс, ундаа, усаа ууж идчихнэ, бүгдээрээ хуваагаад л хэрэглэчихнэ шүү дээ. Халуунд шинэ ус олох шиг сайхан зүйл байхгүй, аймар халууцаад, хамаг хөлс зад тавьж байхад, нэг шинэ ус олчихвол бараг л хэдэн зуун доллар олсон аяатай баярлана шүү дээ. Хүн гэдэг сонин амьтан, яг л тэр үеийн хэцүүдлийг даван гарах хүчийг жоохон юмнаас л мэдрэнэ шүү дээ. Маш их устай бороо орж байхад шинэ цув олбол ямар их баярлана гээ, цуваа өмсөөд л ажилаа хийнэ, гэтэл дараа нь тэр цув ямар ч хэрэггүй, бүх хувцас нэвт норсон л байдаг. За тэгээд 2 ч удаа шөнийн цэвэрлэгээнд явлаа, ажилаа тарчихаад шөнө алхах ч бас л эвгүй шүү, Ногоон дарь эхийн мааниа уншаад л алхана. Монголд байхдаа гудамжинд хог цэвэрлээд зогсож байгаа хүмүүсийг нээх азаардаггүй байсан бол, энэ цэвэрлэгээний ажлууд хийснээр тэдгээр хүмүүс ямар их хүч хөдөлмөр гаргаж ажилладагийг жинхэнэ мах цусандаа шингэтэл ойлгоно доо. Нөхөр загнасан тул, дахиж гэхдээ шөнийн цэвэрлэгээнд яваагүй. Нөхөр маань чи жаахан ч гэсэн өөрийн proud - тай байгаа ч докторын зэрэг хамгаалчихаад цэвэрлээний ажил хийхээсээ ичээч гэнэ, гэхдээ өөр ажил хийх боломж миний визанд байхгүй тул тэгээд л яриа маань дуусдаг байлаа. Гэхдээ дээр дурьдсан нөгөө лебан айлд долоо хоногтоо 3 өдөр очидог болсон болохоор стадионы ажилаа ч орхилоо. Амьдралдаа цэвэрлэгээ хийнэ гэж бодоогүй байсан хүн цэвэрлэгээ хийхээр эхний ээлжинд ч уйлж байлаа, уур ч хүрч байлаа, уураа хүүхдүүддээ гаргаад л. Хэний төлөө хүний нутагт цэвэрлэгч хийгээд явж байгаа гэж бодохоор л, би чинь Америкт магистр хийсэн, Тайванд доктор хийсэн хүн шүү дээ гэж бодохоор л гомдмоор ч юм шиг. Гэхдээ хэнд гомдох вэ дээ, үр хүүхдээ өвөл нь агаарын бохидолгүй цэвэр орчинд, хүссэн хоол хүнсийг нь авч өгөөд, хүссэн сургуульд нь сургаад ямар ч стрессгүй амьдрах боломжгүй байгаа даа Монгол улсын Засгийн газарт гомдох уу? эсхүл, өдий 40 хүртэлээ сурахын төлөө яваад өөрийн хөрөнгийг босгож чадаагүй байгаадаа өөртэй гомдох уу? Тэглээ гээд яахав, хүүхдүүдээ хүний нутагт өлсгөхгүй байх ёстой, юу ч хийсэн чадвар нь надаа байна. Хэцүү замыг тууллаа ч эцсийн эцэст хүрэх зорилго маань хэзээ ч хазайхгүй гэдэгтэй би өөрөө бат итгэлтэй байвал, өнөөдрийн цэвэрлэгээ хийх бол зөвхөн түр зуурын асуудал юм даа гэж бодон өөрөө өөрийгөө тайвшруулж байлаа. Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж.

No comments:

Post a Comment